Байгууллагын түүхэн замнал

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 1990 онд БНМАУ-ын Бага хурлын 23-р тогтоол, Засгийн газрын 1990 оны 153-р тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаар тогтоолоор тус аймагт аймгийн харъяалалтай Хорих ангийг Мөрөн сумын төвөөс зүүн тийш 6 км “Чимэдийн толгой” гэх газарт байрлах хуучин орос цэргийн анги байсан объектод байгуулагджээ.

Уг тогтоолд “Засан хүмүүжүүлэх, хорих ангид хүмүүжиж байгаа ялтнуудаар Мөрөн хотын нутаг Улаан хужиртаас элс шороо авч тоосго үйлдвэрлэх, Чандмань-Өндөр сумын Бадарын нуруу, Бүрэнтогтох сумын Эрчимийн нуруунаас мод бэлтгэх, ой цэвэрлэх, үйлдвэр албан газаруудад гэрээгээр ажил гүйцэтгүүлэхээр даалгасан байдаг.

Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 443 дугаар ангийг Монгол улсын Засгийн газрын 1997 оны 169 дугаар тогтоолоор төвлөрсөн хорих анги болгон зохион байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 1998 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 227 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Алба зохион байгуулах тухай” А/169 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Хорих ангийг шийдвэр гүйцэтгэлийн тасагтай нэгтгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон зохион байгуулсан.

2002 онд Монгол улсын Их хурлаас эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх  хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг шинэчлэн баталсан бөгөөд мөн оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын урьдчилан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хорих болон баривчлах ялыг албадан эдлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгууллагдсан.

Одоо Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дотооддоо Хорих анги, Хорих байр, Шийдвэр гүйцэтгэх тасаг, санхүүгийн алба гэсэн үндсэн 4 нэгжээр зохион байгуулагдан хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар хурандаа Б.Лхагва, хурандаа Д.Дамдин, дэд хурандаа Б.Баярсайхан, дэд хурандаа С.Өлзийбаяр, хурандаа О.Хадбаатар, хурандаа Х.Батмөнх, дэд хурандаа О.Билгүүн нар ажиллаж байсан ба 2015 оны 07 дугаар сараас хурандаа Ж.Батмөнх томилогдон ажиллаж байна.