Бидний тухай

Эрхэм зорилго

            Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж, олон улсын жишигт хүргэх.

Тэргүүлэх чиглэл

1) Хүний үндсэн эрх, эрх чөлөө, угаас заяасан нэр төрийг нийтээр хүндлэн сахиж, энэхүү үүргийг бүрэн хэрэгжүүлэх;

2) Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;

3) Иргэн, захиргаа, эрүү, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

4) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах;

5) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх;

6) Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох.

                                                          ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1990 онд БНМАУ-ын Бага хурлын 23 дугаар тогтоол, Засгийн газрын 1990 оны 153 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаар тогтоолоор тус аймагт аймгийн харъяалалтай Хорих ангийг Мөрөн сумын төвөөс зүүн тийш 6 км “Чимэдийн толгой” гэх газарт байрлах хуучин орос цэргийн анги байсан объектод байгуулагджээ.

            Монгол улсын Засгийн газрын 1997 оны 169 дугаар тогтоолоор төвлөрсөн хорих анги болгон зохион байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 1998 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 227 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Алба зохион байгуулах тухай” А/169 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Хорих ангийг шийдвэр гүйцэтгэлийн тасагтай нэгтгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон зохион байгуулагдсан.

            Хорих ангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд буюу 2018 он хүртэлх хугацаанд хоригдлуудыг өөрийн аж ахуй, үйлдвэрлэлд ажиллуулан, ажлын байраар хангаж блок, зиг заг хавтан үйлдвэрлэж, зах зээлд борлуулахаас гадна нүүрсний уурхайд олборлолт хийн дотоод орлогыг нэмэгдүүлэн ажиллаж ирсэн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19 өдрийн б/1135 тушаалаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги болгон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 304 дүгээр “Хорих анги татан буулгах” тухай тогтоолоор тус 443 дугаар нээлттэй хорих анги нь татан буугдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  б/1658 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бүтэц, орон тоо өөрчлөгдсөн.

 

             Одоо Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дотооддоо Удирдлага, санхүү аж ахуй, цагдан хорих байр, шийдвэр гүйцэтгэл хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба гэсэн үндсэн 4 нэгжээр зохион байгуулагдан хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна.

 

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь байгуулагдсан цагаасаа хойш хуулиар хүлээсэн үүргийхээ хүрээнд жил бүр системийн хэмжээнд ажил үйлсээ дүгнүүлэн алдаа оноогоо цэгнэж ирсэн бөгөөд 2011, 2012 онуудад ШШГЕГ-ын хэмжээнд ажлаараа шалгарч нэгдүгээр байр буюу “Оргодол, гэмт хэрэг, зөрчилгүй бүтээн байгуулагч хамт олон”-оор шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар, 2013 онд ШШГЕГ-ын хэмжээнд “Хоёрдугаар байр”-нд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсаны зэрэгцээ 2017 онд ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит 10 төрөлт спортын тэмцээнд байгууллагын нийлбэр дүнгээр “Тэргүүн байр” эзлэж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2016 онд ШШГЕГ-ын түүхт 95 жилийн ойн хүрээнд явагдсан урлагын наадмаас ардын урлагын төрөлд “Алтан медаль”, 2019 оны системийн аврага шалгаруулах спортын тэмцээнээс нийлбэр дүнгээр 5-р байранд шалгарсан зэрэг амжилтууд гаргаж байсан.