ХАНГАЙН БҮСИЙН ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН АХЛАХ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас Хангайн бүсийн 5 аймгийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийг чадавхжуулах, туршлага судлуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэшүүлэх сургалтыг Хөвсгөл аймагт төвлөрөн зохион байгууллаа.

      Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Б.Нямгомбо цахимаар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Эрдэнэбат, Шийдвэр гүйцэтгэх албаны дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ш.Байгальмаа, хошууч Б.Даваадорж, Программ хангамж, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Жигжид нар оролцлоо.

      Энэ үеэр Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Б.Нямгомбо хэлсэн үгэндээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, иргэд, байгууллагаас ирүүлж буй өргөдөл, гомдлын тоог бууруулах, албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллах талаар анхааруулж, цаашид шийдвэр гүйцэтгэгч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг ханган ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

      Сургалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Хөвсгөл аймгийн Шүүхийн тамгын газар,  Хүний эрхийн үндэсний комиссын Хөвсгөл аймаг дахь референт, Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай тус тус хамтран сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тулгамдаж буй зарим асуудлын талаар ахлах мэргэжилтнүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen